Ногооннуур сумын 12 жилийн ахлах сургууль
Цагааннуур сумын 4, 5, 6, 11-р багууд Бөхмөрөн сумын нутаг Ногооннуурт нүүж ирсэн үндэсний цөөнхид зориулсан 4 жилийн бага сургууль байгуулах тухай 1948 онд 7-р сарын 5-ны өдөр аймгийн засаг даргын 55 дугаар тушаалаар байгуулагджээ. Энэ тушаалаар Ногооннуур сумын төвд Хас Улаан ууланд анх байгуулагдсан юм. Сургуулийн нээлтийн ажиллагаанд Чойхүүгийн Шагдар өөрийн биеэр оролцсон ба сургуулийн үйл ажиллагаа явуулахад баг, иргэдэд туслалцаа үзүүлэх, цаашид сургууль олон түмний дэмжлэг тусаар үйл ажилгаагаа явуулах онцлогтойг нээлтийн үед хэлжээ. 1948-1949 онд Цагааннуур сумын бага сургуульд ажиллаж байсан Мешпетийн Улахпан, багш Малжаны Багиман, ажилчин Сиргебайн Тиянах, тогооч Хайнжамал, түлхүүрч Жахыбайн Өткерме нар 5 эсгий гэр, 2 анги, 60 сурагчтай үйл ажиллгаагаа эхэлсэн юм. Мөн энэ онд сургуулийн дэргэдэх пионерийн байгууллага нээгдэж бүх сурагч гишүүнээр элсэв. 1949-1950 онд багш Т.Агайдар, А.Жамилати, ажилчидаас Х.Макей, туслах тогооч Ж.Күлбастар нар нэмэгдэж 4 ангид 118 сурагч сурч байв. 117 сурагч пионерийн гишүүнээр элсэв. Энэ онд сургуулийн аж ахуй, дотоод хангамж сайжирч 2 өрөө гал тогоо, 2 өрөө халуун усны газар сургуулийн ажилчид, багш, сурагч нарын хөдөлмөрөөр ашиглалтанд оржээ.
1950-1951 онд М.Улахпан өөр мэргэжлээр ажиллаж сургуулийн захирлаар М.Багиман томилогдож, залуу багш Р.Абай, Б.Аймихан, А.Зейнелхан нар нэмэгдэж, ажилчдын тоо 5 болж, 5 ангид нийт 147 сурагч сурч, шинээр 2 өрөө дотуур байр ашиглалтанд орсон байна. 1951-1952 онд ажилчидын тоо 7 болж, 161 сурагч 6 ангид сурч боловсорч байв. Тус хичээлийн жилд сургуулийг анхны төгсөлт болж нийт 46 хүүхэд төгсөв. 1952-1954 онд сургууль, сумын хувьд том өөрчлөлт гарч Ховд багт бага сургууль нээгдэж, сургуульд хамрагдах хүүхдийн тоо нэмэгджээ. 1959-1960 он хүртэл сургуулийн түлээ, түлш, дотуур байрны хүүхдийн хоол ундаа зэргийг ард түмнээс хангаж байв. Энэ сургуулийн хөгжиж өргөжсөн нь ард түмэн, засаг захиргаа, улс орон, дөрвөд, урианхай, казах иргэдийн ач тус төдийгүй тэдний үр хүүхдүүд эрдэм боловсрол олгох суурь нь болсон юм. Гэхдээ үндэсний цөөнхийн үр хүүхдэд зориулсан казак сургуулийн хичээл казак хэлээр явж байсан учраас суурин монголчуудын хүүхэд 1961 он хүртэл Ногооннуур сумын сургуульд суралцах боломжгүй байсан билээ. Хуучин Бөхмөрөн сумын харъяат байгаад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат болсон ард иргэдээс хүүхдээ эрдэм боловсролтой болгохыг хүссэн айл Бөхмөрөн сумын бага сургуульд хүүхдээ оруулдаг байсан. Дотуур байранд хүүхдээ суулгах бол хоолны махыг харъяалал биш гэдгээр ар гэрээр нь даалгадаг байжээ.
1961 онд Ногооннуур сумын бага сургуульд монгол анги нээгдэж дөрвөд, урианхай хүүхдүүд сумынхаа сургуульд сурах эрхтэй болсон түүхтэй. Анх нээгдсэн монгол 1-р ангийн багш Зейнелхан байв. Монгол нэгдүгээр ангид орсон хүүхдүүдийн хамгийн ах нь 13-14 настай байсан бөгөөд 1965 онд анхны монгол 4-р ангийн төгсөлт болсон. Анги төгсгөсөн багш нь Ш.Палдай байлаа. 8-10 настайдаа сургуульд орсон нь үргэлжлүүлэн суралцжээ. 18-19 хүрсэн төгсөгчид нь бичиг үсэгт бүрэн тайлагдаж малчин, ажилчин ангийн эгнээнд орсон болно. 17 жилийн дараа буюу 1965 онд Ногооннуур сум 7 жилийн дунд сургуультай болсон юм. “Дипломгүй инженер” гэж нэрлэгдсэн Т.Имангали, Солтке, Даржаа, Ц.Шадрав, С.Шаймурат, Хайса, К.Ахат нарын мужаан, барилгачин гарын уртай хүмүүсийн бүтээлч хөдөлмөрөөр 160 болон 320 хүүхдийн багтаамжтай 2 байр ашиглалтад орсон болно. Хөрш суманд 7 жилийн сургууль байгуулагдсан учир Бөхмөрөн, Цагааннуур сумын хүүхдүүд Ногооннуурт 5-7-р ангид суралцах эхлэл тавигджээ. Цагааннуур, Бөхмөрөн сум дунд сургуультай болох хүртэл хүүхдүүд нь Ногооннуур сумын 7 жилийн сургуульд сурч байсан түүх саяхан болно.
7 жилийн дунд сургуулийн анхны захирлаар Ш.Цэдээ (монгол хэл уран зохиолын багш), хичээлийн эрхлэгчээр Хунафия (ЗСБНХУ-д Багшийн дээд сургууль төгссөн) багш ажиллаж байсан. Мөн онд шинэ дунд сургуульд багшилж байсан УБДС, Багшийн техникум төгссөн олон багш нараас дурдвал тоо, физикийн багшаар Б.Ноост, Ануарбек, Минап, орос хэлний Ч.Гагаа, Махмуд, зургийн багш Манкей, түүх газар зүйн багш Махаан, хими биологийн багш Кыйсик, биеийн тамирын багш Солтанмурат, бага ангийн багш Х.Каке, Р.Агзамхан нар анхдагчид болно. Тэр онд Ш.Цэдээгийн удирдлагаар сургуулийн анхны ном гарчээ.
1965 оны 11-р сард Ш.Цэдээ ЗХУ-ын Тувагийн автономит мужийн Хэмчик сангийн аж ахуйн дунд сургуульд зочилж туршлага судлахаар явах үедээ 5а ангийн дарга, онц сурлагатан Я.Жамбалдоржоор** Хэмчикийн дунд сургуулийн 5а ангийн хүүхдүүдэд хариу захиа бичүүлэн авч явсан юм. Ирэхдээ хариу захианы хамт пионерийн улаан бүч, Володягийн (В.И.Лениний)*** дүр бүхий пионерийн энгэрийн тэмдэг, орос хэлний ном авчирчээ. Сургуулийн пионерийн удирдагч Х.Каке улаан бүч, энгэрийн тэмдэг, орос хэлний номыг Пионерийн танхимд дурсгал болгон хадгалж захидал, дугтуйг нь захидал бичсэн хүүхдэд үлдээсэн түүхтэй.
1966 оны өвөл Ю.Цэдэнбал* дарга баруун аймгаар явах үед Ногооннуур суманд түр саатан ард иргэдтэй уулзан улмаар тус сургуульд зочилсон юм. Шинэ сургуулийн хичээлийн байрны зүүн гар талын ханыг эгнэн жагссан хүүхдүүдийн өмнүүр алхан өнгөрсөн нэхий дотортой хүрэн савхин дээл, каракуль малгай, түрийтэй хар ботинкатай Ю.Цэдэнбал даргыг Ш.Цэдээ захирал пионерийн танхимд оруулж хүндэтгэл үзүүлж сургуулийнхаа хүндэт пионерт элсүүлсэн билээ. Энэ үеэр дээр өгүүлсэн Хэмчикийн сургуулийн 5а ангийн хүүхдүүдээс захидлын хамт ирсэн улаан бүчийг Ю.Цэдэнбал даргад 5-р ангийн сурагч Мереке** зүүж өгч байсан түүхтэй. Ю.Цэдэнбал нь тус сургуулийн түүхэнд хамгийн анхны хүндэт зочин болон мөнхөрсөн болно.
1966-1967 онд сургуулийн захирлаар Р.Акиремхан сонгогдож нийт 24 багш, 469 сурагчтай үйл ажиллагаа явуулж, анхны 7-р ангийг 39 сурагч төгсөж, Улаанбаатар, Ховд аймгийн техникум, дотоод, гадаадын ТМС-иудад анхны томилолтоо авсан түүхтэй. 1967-1968 оны хичээлийн жилд буюу жилийн дараа 8 жилийн дунд сургуулийн статустай болсон юм. Сургуулийн удирдлагад Абдихалымын Калимик, Ратханы Акиремхан нар ажиллаж, их, дээд сургууль төгссөн залуу, чадварлаг багш нарын тоо нэмэгдэв. Мөн онд 518 хүүхэд сургуульд хамрагдаж, ахлах 7 ангитай болжээ. 1969-1971 онд сургуулийн захирлаар Б.Хусайн, 1971-1983 онд Р.Хажым нар ажилласан байна. Энэхүү он жилүүдэд сургалтын менежерээр Х.Тау, Р.Агзамхан, Х.Шугайып, М.Хайса, Х.Имаммагзам, Т.Күшай нарын аймагтаа танигдсан багш сурган хүмүүжүүлэгч нар ажиллаж байв. Ногооннуурын сургууль 8 жилийн дунд сургуулийн статусаар ажилласан 19 жил маш их өөрчлөлт, хөгжлийн он жилүүд байсан юм. Энэ хугацаанд ахмад багш Н.Хатшынбай “Алтан гадас” одонгоор, Б.Хиса багш нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, багш Х.Маша нийслэл Улаанбаатар хотод болсон мэргэжлийн ур дүй, чадварын тэмцээнд 2 удаа оролцож “Тэргүүний багш”-аар шалгарч, багш Х.Хоман Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, багш Х.Каке Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан. Сургуулийн сурагчид аймгийн математикийн олимпиадад анх удаа оролцож 7-р ангийн сурагч Оспаны Төлеу, 6-р ангийн сурагч Муратханы Хуан, 5-р ангийн сурагч Баяндырын Далелхан нар 1-р байр эзэлж аймгийн математикийн аварга болсон юм. Тэднийг сургуулийн захиргаанаас 1968 онд 3-р сард сургуулийн хүндэт номонд бичиж, “Тэргүүний математикч” шагнал хүртээжээ.
Харин одоо Ногооннуурын дунд сургууль 10 жилийн ахлах сургууль болсноос хойш гаргасан амжилтаас дурдъя:
1984-1986 онд улс даяар зарласан сургуулийг кабинетжүүлэх зарлигаар сургуулийн багш нар идэвх, хүч хөдөлмөр гаргаж ажилласаны үр дүнд Ногооннуур дунд сургууль улсын хэмжээнд 3-р байранд орж, багш Ш.Көкешийн бэлтгэсэн “Математик-2, Х.Махметын бэлтгэсэн “Орос хэл-2” тэнхимүүд тэргүүн байр эзэлж, сургуулийн үйл ажиллагаа болон материаллаг бааз маш их сайжирч аймгийн хэмжээнд зарласан тэмцээнүүдэд амжилттай оролцсоны төлөө 1985-1986 оны хичээлийн жилд “VII таван жилийн гавшгайч” цолоор шагнуулжээ. Сургууль 1966-1998 онд 7, 8, 10 жилийн статусаар ажиллаж өргөжин хөгжсөн байна.
Энэ 20 жилд Ногооннуур 10 жилийн дунд сургууль математик 1, 2, Орос хэл 1, 2, түүх, газар зүй, физик, хими, биологи, монгол хэл, казах хэл, уран зохиол, хөдөлмөрийн кабинеттэй болж сургуульд том өөрчлөлт болов. Сургуулийн ойр орчмыг цэцэрлэгжүүлж 1500 гаруй мод, 20 шахам төрлийн цэцэг тарьж ногоон байгууламж бий болгов. 1-2 газарт хүнсний ногоо тарьж дотуур байрны хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэдэг болжээ. 1998-1999 онд 720 гаруй сурагч, 35 багш, 33 ажилчинтай болж, 10-р ангийг 37 хүүхэд төгсөж, 14 нь их, дээд сургуульд элсэж, 80 хүүхэд дотуур байранд амьдарч байв. 1990-2000 онд 813 сурагч, 37 багш, 31 ажилчинтай болж, 10-р ангийг 24, 8-р ангийг 46 сурагч төгсөж, дотуур байранд 105 хүүхэд хамрагдаж, сургууль 1000 кВт-ын УДЭ маркийн дизелл мотортой болов.
11 жилийн ахлах сургууль: 2004-2005 онд улс орон даяар ерөнхий боловсролын сургалтын систем 11 жилийн хөтөлбөрт шилжиж, 7 настай хүүхдийг сургуульд хамруулах шийдвэр гарсан билээ. 2005-2006 онд нийт 1132 сурагч, 47 багш, 37 ажилчинтай болж, 10-р ангийг 42, анх удаа 9-р ангийг 84 сурагч төгсөв. Мөн энэ онд 320 хүүхдийн сургуулийн корпуст засвар хийж ашиглалтанд оруулж, дотуур байрны хүүхдүүд болон ажилчид халуун усны газартай болов. 2006-2007 онд 1021 сурагч, 44 багш, 41 ажилчинтай болж, дотуур байранд 300 гаруй хүүхэд амьдарч байв. Энэ онд анх удаа 11-р ангийг 68 сурагч, 9-р ангийг 97 хүүхэд төгсөж, Монгол Улсын багш нарын чуулганд Ш.Көкеш, С.Тилеген нар оролцлоо. Мөн онд Ногооннуур сумын 11 жилийн ахлах сургууль аймгийн хэмжээнд спортын фестивальд 1, 2-р байрыг эзэлж, Ногоон айл хөтөлбөрийн дагуу Агропарктай болсон байна.
Сургуулийн захирлууд:
- 1948-1950 онд Мешпетийн Улахпан
- 1950-1952 онд Малжаны Багиман
- 1952-1953 онд Халымханы Шарипхан
- 1953-1954 онд Касены Зейнелхабдыл
- 1954-1958 онд Мүрсины Хумар
- 1958-1961 онд Төкесбайн Айдар
- 1961-1962 онд Хали-ын Хоман
- 1962-1964 онд Халтарын Сарчаа
- 1964-1965 онд Төкесбайн Айдар
- 1965-1966 онд Шагдарын Цэдээ
- 1966-1967 онд Рахатханы Акиремхан
- 1967-1969 онд Абдихалимын Калмик
- 1969-1971 онд Бөкейн Хусайн
- 1971-1983 онд Расолын Хажым
- 1983-1986 онд Рахатханы Агзамхан
- 1986-1990 онд Тердибайн Күшай
- 1990-1997 онд Шортанбайн Көкеш
- 1997-2012 онд Хызырын Хажайхан
- 2012-2016 онд Сакейн Ашимхан
- 2016 оноос Шериязданы Рая
Хичээлийн эрхлэгч сургалтын менежер нар
- 1965-1967 онд Күлатайн Хунафия
- 1967-1969 онд Рахатханы Акиремхан
- 1969-1971 онд Расолын Хажым
- 1971-1981 онд Хауметбайн Тау
- 1981-1983 онд Рахатханы Агзамхан
- 1983-1984 онд Хызырын Имаммагзам
- 1984-1986 онд Тердибайн Күшай
- 1986-1990 онд Шортанбайн Көкеш
- 1990-1997 онд Хызырын Хажайхан
- 1997 оноос одоо хүртэл Сакейн Ашимхан
Бага анги хариуцсан менежерүүд
- 1974-1977 онд Рахатханы Агзамхан
- 1977-1978 онд Канжилын Шугайып
- 1978-1987 онд Мухашын Хайса
- 1987-1990 онд Ануарбекийн Ханифа
- 1990-1999 онд Жагирын Загд
- 1999-2004 онд Мешелийн Молдан
- 2004 оноос одоо хүртэл Рашын Калем
Хүмүүжлийн менежерүүд:
- 1974-1975 онд Пүрэвийн Борхүү
- 1975-1977 онд Баймухаметын Шөрке
- 1977-1979 онд Рахатханы Агзамхан
- 1979-1981 онд Үсены Ахынбаба
- 1981-1984 онд Абилхасын Солтанбек
- 1984-1991 онд Зарымханы Шерияздан
- 1991-1992 онд Хазаны Хожа
Пионерийн удирдагч ба нийгмийн ажилтнууд:
- 1965-1967 онд Хабын Каке
- 1971-1972 онд Рахатханы Агзамхан
- 1972-1981 онд Хабын Каке
- 1981-1985 онд Хадысын Батима
- 1985-1987 онд Хурманханы Адъяа
- 1987-1988 онд Заманбек
- 1988-1990 онд Даяны Жанаргүл
- 1990-1991 онд Хабидолдагийн Күлиман
- 2000-2007 онд Хабидолдагийн Күлиман
- 2007-2017 онд Шортанбайн Көкеш
- 2017 оноос Газетхан Амандых