ХОВД БАГ
1957 онд Мандах нэгдэл нэртэй байгуулагдаж, нэгдлийн даргаар Доголбай гэдэг хүн ажиллаж байжээ. Мөн энэ онд Ховд бага сургууль байгуулагдсан бөгөөд анхны багш нар Хайпхан, Жанымхан, Схаг нар байв. 1958-1959 онд нэгдлийн даргаар Шаривхан, Минайхан нар ажиллаж байгаад 1960 онд Ногооннуур сумаас тусдаа өрх салгаж Ховд сум болж Мандах нэгдэл, мал аж ахуй, тариалангийн аж ахуй, худалдаа бэлтгэлийн анги үйл ажилгаагаа явуулж байжээ. Сумын засаг даргаар Асембай ажиллажээ. Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар Ягали, худалдааны агент Рахытхан, эдийн засагч Хавдылхан, түүхий эд хариуцсан Мугалимжан, Ыбрайхан нар ажиллажээ. Тэр үед ганц УАЗ-51 машинтай бөгөөд жолоочоор нь Баян, дараа нь БӨ84-59 гэсэн дугаартай ногоон ЗИЛ-130 машинтай болж жолоочоор нь Салхын ажиллаж байжээ.
1963 онд Ховд сум Ногооннуур суманд нээгдэж Ховд 3-р бригад нэртэй үйл ажиллагаагаа явуулжээ. Анхны бригадын даргаар Зиядан, дараа нь Солтамурат, Монгол, Ауганбай, Хайсар, Уатхан нар ажиллажээ. Малын эмчээр Кенжебек, Ауганбай, Жумадил, Хатбеке, Хаукен нар, хүний бага эмчээр Сыдых, Сагила, Көмек, Дулаш, Салемгүл нар, худалдааны агентаар Аузаги, Рахатхан, Рахымбай, Зиядан, Хуан нар ажиллажээ. Дараа нь Ховд бригадыг Хатубел, Дулаанхар гэж 2 хуваажээ. Хатубелийг Азамат, Дулаанхарыг Төлеген нар удирдаж байв. Үүний дараа Дулаанхар хэсгийн даргаар Бугай ажиллаж байх үед Ховд баг болон өөрчлөгджээ. Багийн даргаар Алданыш, Турсынхан, Акау, Буянтогтох, Семейбай, А.Аманбек, Х.Жанибек нар ажиллаж байна.
Ховд багийн бахархал: БНМАУ-ын энх сүрэгтэн, улсын аварга малчин, УИХ-ын депутат Х.Сембай, Улсын аварга тариаланч С.Сейтжан, аймгийн хэд хэдэн удаагийн хадлангийн аварга Төртөбел, Хайрман, аймгийн аварга тариаланч Дулат, Баймырзө, Балжин, Дахша, сумын аварга малчин Ботанай, Рахилаш, Муса, Шаривхан, адуучин Жабах, Манахай, Сая, Дүримхан, Хожан. Мөн аймаг сумын наадмуудад хурдан морь нь дээгүүр давхидаг олон уяач энэ багаас гаралтай. 1972, 1977 онд аймгийн наадамд Даниялын Халтар морь 2 удаа, 1987 онд Манахайн халтар морь тус тус түрүүлсэн түүх бий. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 50 жилийн баяр наадамд Авилгашын хээр морь аман хүзүүнд, Баймырзагийн хатиран морин уралдаанд түрүүлжээ.