ЦАГААННУУР ТОСГОН
Товч түүх. Цагааннуур сум тосгон нь 1938 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын 1, 2, 3-р баг, казахын Бахат сумын 4-р багаар эмхлэгдэн, Ховд аймгийн харъяанд байгуулагдсан юм. Сумын анхны даргаар С.Нанзан олон жил ажиллажээ. 1952 онд Цагааннуур сумын 4, 5, 6, 8, 10, 11-р багийг шинээр байгуулагдсан Ногооннуур сумын харьяанд оруулсан байна.
1963 онд Цагааннуур сум татан буугдаж, зарим хэсэг нь Ногооннуур суманд харъяалагдаж, үлдсэн нь Цагааннуурын дамжлага баазыг түшиглэсэн Цагааннуур хороо болжээ. 1994 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор Цагааннуур хороог татан буулгаж, Ногооннуур суманд нэгтгэж, Цагааннуур нь тосгоны статустай болсон юм.
Одоогийн Цагааннуур тосгоны хилийн дээс, зарим газар нутгийг БНМАУ-ын СнЗ-ийн 1962 оны 231, Баян-Өлгий аймгийн АДХГЗ-ны 1987 оны 40 дүгээр тогтоолоор тус тус тогтоосон нь эдүгээ хүчин төгөлдөр хэвээр байна. Цагааннуур хороо нь 108.9 кв.км эдэлбэр газартай байсан бөгөөд 1994 онд УИХ-ын шийдвэрийн дагуу Ногооннуур сумын ИТХ-ын тогтоолоор тосгонд 36000 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Цагааннуур тосгон нь газар зүйн байрлалын хувьд Монгол Алтайн уулархаг мужид оршдог бөгөөд баруун, хойд талаараа ОХУ, зүүн өмнөд талаараа Улаанхус, Ногооннуур сумтай хиллэнэ. Улаанбаатар хотоос 1583 км, Өлгий хотоос 70 км зайтай. Далайн түвшинээс дээш 2115 м өндөр оршдог. Хэн нуур, Дунд нуур, Адаг нуур, Цагааннуур гэсэн нууруудаас өөр гадаргын ус байхгүй. Цагааннуур нь мөнх цэвдэгийн, гадагш урсгалтай, цэнгэг устай нуур юм.
Газар нутгийн хэмжээгээр бага ч жилийн 4 улиралд тосгоны 11000 гаруй толгой мал, мөн хил залгаа 3 сумын мал зусч, өвөлжин онд ордог, бэлчээр ус нь талхлагдаагүй, тачир боловч хиаг, ерхөг, согоовор, хялгана, агь, дэрсээр элбэг нутагтай. Цагааннуурт Хойлог, Бураатын гол цутгадаг. Уулсаараа янгир, аргаль, тарвага, үнэг, чоно, туулай гэх мэт ан амьтан, хойлог, шонхор, ангир, хун, галуу зэрэг шувуудтай. Байгалийн нөөцийн хувьд сайн судлагдаагүй, цаг уур нь аймгийн дундаж үзүүлэлттэй ижил.
Түүхийн эх сурвалжаас үзвэл Цагааннуурын Хойлогийн өргөн Ширэг хэмээх газарт Ц.Хасбаатар, К.К.Байкалов нарын захирсан Монгол-Оросын цэргийн штаб 1921 оны 5-8-р сард байрлан хил хязгаарыг тохинуулах үйл ажиллагаа явуулж байсан бол үүнээс өмнө Оросын худалдааны нэгэн суурин байрлаж, олон жил худалдаа наймаа эрхэлж байжээ. Мөн оны хавар Баруун хязгаарын Ардын намын төв хороо, Ардын түр засгийн газар Мөстөөс энэ газарт шилжин ирж ажиллаж байсан түүхтэй. Цагааннуур хороо “сум” нь төр засгаас засаг захиргааны нэгжийг хөгжүүлэх талаар авч явуулсан бодлогын үр дүнд тууштай хөгжлийн замд орж, тус улсын баруун хязгаарын хилийн нэгэн боомтын түшиц газар болжээ.
Тус хорооны Цагааннуур дамжлага баазыг түшиглэн худалдаа, их эмчийн салбар, эмийн сан, клуб, номын сан зэрэг нийгэм, эдийн засаг, соёлын байгууллагууд үүсч, төр, захиргаа, нам, олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж иржээ. Өнөөгийн Цагааннуур тосгон нь Ногооннуур сумын 9-р баг болон бие дааж, баг тосгон статустай, 12 нэгж байгууллага бүхий 310 ажиллагсадтай, 2200 гаруй хүн ам, 390 гаруй өрх, 21000 гаруй толгой малтай үйл ажиллагаагаа явуулж байна. Цагааннуур сумаас төр, нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн алдартанууд, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарчээ.